Өвлийн олимпын III наадамд Монголоос 6 тамирчин өрсөлдөнө

A- A A+
Өвлийн олимпын III наадамд Монголоос 6 тамирчин өрсөлдөнө

Швейцарийн Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд залуучуудын өвлийн олимпын III наадамд Монголоос 6 тамирчин өрсөлдөнө.

 

Энэ удаагийн “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпын наадамд 73 орны 1800 гаруй тамирчид өвлийн спортын 16 төрлөөр 81 цогц медалийн төлөө өрсөлдөх юм. Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар олимпын эрхээ аваад Европт уралдаан тэмцээнд оролцож, бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэд Швейцарьт шууд очих юм байна.

 

Харин гүйлтийн цанаар хурдаа сорих О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нарын дөрвөн цаначин 12 дугаар сарын 30-нд эх орноосоо мордоно. “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпод оролцох багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал ажиллана.

 

ОУОХ-ноос зохион байгуулдаг Залуучуудын олимпын наадмын түүх 2010 оноос эхэлсэн юм. Тухайлбал, залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт, 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо, Залуучуудын өвлийн олимпын наадам 2012 онд Австрийн Инсбрукт, 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо тус тус зохион байгуулж байв. Залуучуудын олимпын наадамд 18 хүртэлх насны тамирчид оролцох эрхтэй байдаг.

 

“Лозанн-2020” -ийн спортын уралдаан тэмцээн Лозанн хотоос гадна өвлийн олимпын наадмыг 1928, 1948 онд зохион байгуулсан түүхт хот Сант-Мориц хот болон Лезен, Лес Диаблерец, Вилларс, Шампери, Вэлли де Жоуш зэрэг Швейцарийн жижиг тосгон, бүр Францын Лес Туффест хүртэл болох юм. Тухайлбал, гүйлтийн цаначид Вэлли де Жоушд нэгдүгээр сарын 18-21-нд өрсөлдөх бол биатлончид Францын Лес Туффест нэгдүгээр сарын 11-15-нд цэц мэргээ сорино. Хэмээн “Таван цагариг”-ийн Япон дахь сурвалжлагч Э.Гуамарал мэдээллээ.