Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер цол олголоо

A- A A+
Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер цол олголоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2020.01.12/ өндөрлөв.

Төрийн ордонд хоёр өдөр болсон энэхүү тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглосон. Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн Баянгол дүүргээс оролцсон А.Аръяабадрал хоёр дугаар байр, Өвөрхангай аймгаас оролцсон М.Баатар гуравдугаар байранд шалгарлаа. Шагнал байрт Сүхбаатар аймгаас оролцсон Б.Очирсүх, Дархан-Уул аймгаас оролцсон Д.Сүх-Очир, Хэнтий аймгаас оролцсон Г.Баяраа, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс оролцсон Б.Цоггэрэл нар орлоо.

Эмэгтэйчүүдээс Нийслэлийн шатрын холбооны нэр дээр оролцсон Б.Халиун түрүүлж, хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгаас оролцсон К.Жаннур, гуравдугаар байранд нийслэлийн Баянзүрх дүүргээс оролцсон Д.Мөнхсайхан шалгарсан бол шагналт байранд нийслэлээс оролцсон Б.Батцэнд, Хэнтий аймгаас оролцсон Э.Батсувд, Увс аймгаас оролцсон Ж.Алтанцэцэг нар орлоо.

Тэмцээнд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан шатарчдад шагналыг нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Даваахүү болон Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шилэгдмэл шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Оч нар Төрийн ордонд гардуулж, баяр хүргэлээ.

Харин тэмцээний аваргуудад буюу эхний гурван байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал болон Монгол Улсын спортын дэд мастерийн цол, тэмдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Монгол бөхийн өргөөнд болж байгаа Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гардуулж, баяр хүргэсэн юм.

Мөн тус тэмцээнээс “Оюунлаг түшээ”-гээр тодорсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан Ардын Их Хурлын депутат Ж.Лхагва нарт Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав өргөмжлөл гардуулж, баяр хүргэв.

Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчинд уламжлал ёсоор насанд хүрэгчдийн ази тив болон дэлхийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон юм. Үндсэн хуулийн өдөрт зориулсан, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн жилээ с жилд өргөжин, сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсон төдийгүй оролцогчид насны хувьд залуужиж, эрэгтэй, эмэгтэй ангилалд хоёуланд нь дээгүүр байр эзэлж буй шатарчин 19-21 насныхан байгаа талаар тэмцээний шүүгчид ярьж байв.