МОНГОЛ, АНУ, ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ

A- A A+
МОНГОЛ, АНУ, ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр   АНУ-ын Вашингтон хотноо болов. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцов.

Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. Үүнд:

 МОНГОЛ УЛС, АНУ, ЯПОНЫ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Вашингтон хотноо болов. АНУ болон Япон Улс Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, мөн талуудын Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаарх үзэл санааны хүрээнд Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэхийн төлөө тууштай бодлого баримталж байгаагаа нотлов.

Монгол Улс, АНУ, Япон Улс нь бүс нутгийн хөгжил, түүний дотор Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хэтийн төлөвийн талаар тус тусын саналаа танилцуулж, бүрэн эрхтэй, тусгаар тогтносон, ардчилсан орнууд бүхий хөгжин цэцэглэсэн, энх тайвныг эрхэмлэсэн бүс нутгийг цогцлоохын төлөө хамтран ажиллах талаар санал солилцов. АНУ нь 2019 онд Япон Улсын адил Монгол Улсын стратегийн түнш болсныг гурван тал талархан тэмдэглэж, стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.

БНАСАУ-ын зүгээс өдөөн хатгалга, түүний дотор баллистик пуужин харвахаа зогсоох, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаар хүлээсэн үүргээ биелүүлэх, мөн тогтвортой, бодитой яриа хэлцээнд оролцож Сингапурт болсон дээд түвшний уулзалтаар өгсөн амлалтуудаа биелүүлэх шаардлагатай гэдэгт Монгол Улс, АНУ, Япон Улс дахин санал нэгдэв. Талууд БНАСАУ-ыг үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөөс бүр мөсөн, хяналттайгаар ангижруулах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатайн чухлыг тэмдэглэв. Түүнчлэн гурван улс хүмүүнлэгийн асуудал, түүний дотор хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн чухлыг онцлов.

АНУ болон Япон Улсын зүгээс ФАТФ-ын зөвлөмжүүдийн хүрээнд мөнгө угаахтай тэмцэх чадамжаа бэхжүүлэх чиглэлд Монгол Улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд эрчим хүч, цахим эдийн засаг болон кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нийтлэг эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Талууд мөн ил тод, урьдчилан таамаглагдахуйц болон хууль дүрэм сахиулах явдлыг сайжруулах замаар Монгол Улсын бизнесийн орчин, ялангуяа АНУ, Японоос хөрөнгө оруулалт татах чадамжийг хөгжүүлэхийг чухалчлан ярилцав.

Монгол Улс, АНУ, Япон Улс дараагийн гурван талт уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар тогтов.