Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" уран сайхны киноны нээлт өнөөдөр баатарын төрсөн нутаг Булган аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, МУГЖ Н.Батцэцэг нар оролцлоо. Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ. Тэрээр 19-хөн насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч.Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивизид гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж гарамгай гавьяа байгуулж байсан түүхтэй. "Бууны сумыг буцааж болдоггүй" кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, МУУГЗ Т.Солонго продюсерээр ажиллан МУСТА П.Дэлгэрбаяр найруулжээ. Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр "Бууны сумыг буцааж болдоггүй" киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийнхаа баатарын алдар гавьяаг мөнхөлсөн уран бүтээл хийж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.