ОЛИМПИЙН НААДМЫГ ХОЙШЛУУЛАХГҮЙ ГЭЖ ШИНЗО АБЭ БАТЛАВ

A- A A+
ОЛИМПИЙН НААДМЫГ ХОЙШЛУУЛАХГҮЙ ГЭЖ ШИНЗО АБЭ БАТЛАВ

Дэлхий дахиныг "covid-19" тахал түгшээж байгаа ч “Токио-2020” олимп болон паралимпийн наадмыг зохион байгуулахад юу ч саад болохгүй гэж Японы ерөнхий сайд Шинзо Абэ бямба гаригт амлалаа.

Тус олимпийн бамбарыг Грект аялуулах байсан ч цуцалсан, маш олон уралдаан тэмцээнүүдийг хойшлуулаад байгаа боловч Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон “Токио-2020” олимпийг зохион байгуулагчид долдугаар сарын 24-нд эхлүүлэхдээ урьдын адил итгэлтэй байна. “Бид вирусийн халдварыг даван туулж, төлөвлөсөн ёсоор олимпийн наадмаа хүлээн авна” гэж Шинзо Абэ хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп түүнтэй утсаар ярьж олимпийг хойшлуулах тухай санал тавьсныг ноён Абэ дурдсангүй. Хэдийгээр Японд covid-19-ын халдвартай хүний тоо 800-д хүрч, үүнээс 22 нь нас бараад байгаа ч онц байдал зарлах хэмжээнд хүрээгүйг Абэ мөн баталсан байна. Японы засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай (ДЭМБ) байнгын холбоотой ажиллаж, зөвлөгөөг нь дагаж буйг мөн өгүүлэв.

“Токио-2020” олимпийг хойшлуулах, цуцлах саналыг ямар ч тохиолдолд ОУОХ гаргах билээ. Тус олимпийг зохион байгуулах гэрээг Токио хоттой 2013 онд байгуулахдаа гэрээнд ингэж зааж өгчээ. Олимпийг хойшлуулах заалт үгүй юм. Харин ОУОХ нь дараах шалтгаанаар олимпийг цуцалж болно. Үүнд: дайн байлдаан, олон нийтийг хамарсан үймээн, хориг, эсвэл оролцогчдын аюулгүй байдалд ноцтой занал тохиолдвол гэсэн заалтууд бий. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэдхэн хоногийн өмнө мэдэгдэхдээ тус байгууллага ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж буйгаа уламжилсан билээ. Тэрбээр “Олимпийн нээлт хүртэл 19 долоо хоног үлдээд буй энэ цаг үед дэлхий дахины эрх мэдэл бүхий байгууллагууд, спортын хамт олон коронавирусын тархалтыг бууруулахын тулд ихээхэн чухал ажил хийж буй нь бидний байр суурийг баталж байна” хэмээн өгүүлжээ.