Шинзо Абэ: Онц байдлын хэрэгжилт хангалтгүй байгаа бүс нутаг байна

A- A A+
Шинзо Абэ: Онц байдлын хэрэгжилт хангалтгүй байгаа бүс нутаг байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дөрөвдүгээр сарын 21-ний өдөр шинэ төрлийн коронавирусний халдвар тархаж байгаатай холбогдуулж зарласан "онц байдал"-ын үеэр гадуур гарахаас татгалзаж, иргэний үүргээ сахин биелүүлж байгаад ард иргэддээ талархал илэрхийлэв. Тэрбээр "Онц байдлын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим бүс нутаг байна" гээд цаашид анхаарч хэрэгжүүлэхийг хүсэв. 

Ш.Абэ Япон Улсад нийт халдвар авсан хүний тоо 10 000-гаас давсан талаар мэдэгдэж, "Эмнэлгийн байдал маш хүнд байгаа" гэж санаа зовниж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн "Өөрийн амь насыг хамгаалах үүднээс гадуур гарахаас татгалзахыг хүсч байна" гээд өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотоос орон нутаг руу хүний урсгал нэмэгдсэнийг онцлон дурдаж, гэр бүлээрээ хөдөө орон нутагт аялахаас татгалзахыг уриалжээ.

АНУ, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсад байдагчлан халдварт өвчнийг хянах мэргэжилтнүүдээс бүрдсэн тогтолцоо (бүтэц) Японд байдаггүй. Өнөөг хүртэл Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны дэргэдэх Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн нь халдварт өвчний хяналтыг голлон хариуцаж ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн үндсэн ажил нь судалгаа бөгөөд арга хэмжээ зохиох, хэрэгжүүлэх эрх мэдэл байдаггүй. Чиба их сургуулийн мөөгөнцрийн эмчилгээний судалгааны төвийн захирал Ч.Сасакава энэ талаар "Халдварт өвчин судлалын хүрээлэн нь төсөв, боловсон хүчин, хууль эрхзүйн хувьд ихээхэн хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр энх цагт хэвийн үйл ажиллагаа явуулж болох ч энэ удаагийн шинэ төрлийн коронавирусний тархалттай ижил хэмжээний "дайн"-ы нөхцөл байдалд хангалттай арга хэмжээ авахад хүндрэлтэй” гэжээ.

Засгийн газар, эрх баригч намын зүгээс АНУ-ын Өвчнийг урьдчилан хянах төвийн (CDC) Япон хувилбарыг байгуулах санал дэвшүүлэх болов. CDC нь АНУ-ын Эрүүл мэндийн яамны гишүүн боловч хараат бус байгууллага юм. Зөвхөн Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн боловсон хүчин, төсвийг нэмэгдүүлснээр үр дүн сайжрахгүй. Эсрэгээрээ Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны үйл ажиллагаа хумигдах эрсдэл бий. Цаашид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрх мэдэл, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зайлшгүй шаардлага урган гарч байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байна.

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор Засгийн газраас жирэмсэн эхчүүдэд тарааж эхэлсэн даавуун амны хаалт дундаас ариун цэврийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн илэрсэн гомдлын дагуу хийсэн шалгалтын дүнд 6700 орчим бохир амны хаалт илэрсэн байна.

Ихэнх даавуун амны хаалт Зүүн Өмнөд Ази, Хятад улсад үйлдвэрлэгддэг тул Засгийн газар эрүүл ахуй, ариун цэврийн хяналтад асуудал гарсан эсэхийг судалж байна. Жирэмсэн эхчүүдэд даавуун амны хаалт тараах ажлыг энэ сарын 14-ний өдрөөс орон даяар эхлүүлж нийтдээ 500 000 ширхэгийг тараасан. Түүнчлэн Засгийн газар айл өрх бүрт тараах хоёр ширхэг даавуун амны хаалтад хийх ариун цэврийн шалгалтыг идэвхжүүлэхээр шийдвэрлэв. 

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын ЭСЯ 0