“Увертюра” хамтлаг онлайн тоглолт хийхээ зарлалаа

A- A A+
“Увертюра” хамтлаг онлайн тоглолт хийхээ зарлалаа

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургадугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.

 

 

“Увертюра” хамтлагийн онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо хийхээр болжээ.

Ийнхүү түмэн олны сэтгэлд мөнхөд эгшиглэдэг “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг гайхалтай уран бүтээлүүдээрээ дамжуулан “Монгол поп опера” хэмээх урсгалыг хөгжүүлж, өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүлсэн тус хамтлагийн онлайн тоглолт 2020 оны зургадугаар сарын 06-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр Монгол туургатан даяар цацагдах нь ээ.