Сөүл орчимд коронавирусний халдварт өвчний хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай БНСУ-ын эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн 5 дугаар сард олноор илэрсэн халдварын тохиолдлуудаас хоёр дахь давалгаа эхэлсэн байж магадгүй гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
Халдвар хурдацтай дэгдэхээс болгоомжилж буй Тэжон хотод хөл хорионы илүү хатуу арга хэмжээг эрх баригчид нэвтрүүлжээ. Тус хотод спортын заал, музей, номын сангуудыг хаасан байна.
Түүнчлэн “Шинчожи” Христийн шашны бүлгийн 22 сүмийг хаажээ. Хоёрдугаар сард “Шинчожи” сүм халдварын голомт болсон билээ.
Нэг өдрийн дотор 30 гаруй тохиолдол бүртгэгдвэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахыг эрх баригчид анхааруулжээ. Ням гарагт БНСУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ. БНСУ-д халдвар дэгдэж эхэлснээс хойш 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 281 хүн нас баржээ.