Форбесийн "30 under 30 Asia" жагсаалтад Б.Болор-Эрдэнэ багтжээ

A- A A+
Форбесийн

"Форбес" сэтгүүл зургаа дахь жилдээ “30 Under 30 Asia” буюу нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй 30 хүртэлх насны 300 шилдэг залууг тодруулдаг жагсаалтаа өнөө өглөө танилцууллаа. Энэ жилийн хувьд covid-19 цар тахлын нийгэмд эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлж буй сорилттой чадварлагаар тэмцэж, шинэ боломж, гарцыг нийгэмдээ бий болгосон шинэ мянганы залуусыг онцолсон байна. 

Технологи, инноваци, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг, энтертайнмэнт, спорт, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, бизнес зэрэг нийт арван салбарын 2500 гаруй нэр дэвшигчдийг Форбесийн сэтгүүлчид болон салбаруудын мэргэжилтнүүд хийж буй ажлынх нь цар хүрээ, үр нөлөөг харгалзан үзэж салбарт тус бүр 30 манлайлагч залууг нэрлэсэний дотор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ багтжээ.

Форбес: Б.Болор-Эрдэнийг “30 хүртэл насны Азийн 300 шилдэг залуу”-гаар нэрлэлээ

Тэрээр “Б.Болор-Эрдэнэ бол Монголын Харицлаа холбоо мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж буй хамгийн залуу бас анхны эмэгтэй удирдагч юм. Тэрээр цахим үндэстэн болох Монгол улсын 5 жилийн төлөвлөгөөг гардан хэрэгжүүлж байна. Ажлаа эхлүүлсэн эхний таван сардаа төрөөс үзүүлэх 181 төрлийн үйлчилгээг иргэдэд ойртуулан цахимжуулж, нэг дор нэгтгэсэн E-Mongolia системийг нэвтрүүлжээ. Орон нутагт төрж өссөн тэрээр хөдөө орон нутгийн эмэгтэй сурагчдыг код бичиж сургах төслийг өдгөө эхлүүлээд буй. Б.Болор-Эрдэнэ нийтийн удирдлагаар Оксфордын их сургуульд сурсан бөгөөд Дэлхийн банк,  НҮБ, Азийн хөгжлийн банканд ажиллаж байсан туршлагатай” хэмээн онцолжээ

30 хүртэлх насны 300  онцлох залуусын тоонд БНСУ-аас K-pop од Ji-eun Lee “IU”, жүжигчин Joo-hyuk Nam,ширээний теннисний спортоор дэлхийд №1-т эрэмбэлэгддэг, Хятадын тамирчин Chen Meng, Австралийн рэппер Danzal Baker нар багтжээ.

Эх сурвалж: Forbes.mn