ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөл, өлсгөлөн зарлаад гурван долоо хонож буй Алексей Навальныйг дэмжигчид өчигдөр/2021.4.21/ хэдэн арван хотыг хамарсан жагсаал дахин хийж, олон мянган хүн үзэл бодлоо илэрхийлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар жагсагчдаас 1496 хүн баривчлагдсаны 662 нь Санкт Петербург хотынхон гэнэ. Иргэд жагсаал зохион байгуулахдаа зориуд дөрөвдүгээр сарын 21-нийг сонгосон нь учиртай аж. Учир нь энэ өдөр Путин жил бүр тавьдаг илтгэлээ тавьсан юм. Гэвч илтгэлдээ Путин Навальныйн талаар огт дурдаагүй ч “Улсын аюулгүй байдалд халтай үйл ажиллагаа зохион байгуулсан хувь хүн, байгууллага хэн ч бай дараад нь хэзээ ч амаа барьж үзээгүйгээрээ харамсахын ихээр харамсах вий” хэмээн анхааруулсан юм.
Навальный өнгөрсөн оны наймдугаар сард мэдрэлийн хүчтэй хоронд хордож, улмаар Герман улсад очиж эмчлүүлснийхээ төлөө энэ оны нэгдүгээр сард баривчлагдаж, хоёр жил, зургаан сар хорих ялаар шийтгүүлсэн билээ. Гэвч шоронд хоригдоод удаагүй байхад түүний хөл, нуруу хүчтэй өвдөж эхэлсэнд шоронгийн зүгээс тохирсон эмчилгээ хийж өгөөгүйг эсэргүүцэн Навальный гурван долоо хоногийн өмнөөс өлсгөлөн зарласан. Эмч нарын хэлснээр Навальный нугасны ивэрхийтэй болж, бөөрний дутагдалд орсон бөгөөд хэзээ ч зүрхний үйл ажиллагаа зогсч болзошгүй байдалд байгаа гэнэ.
Навальныйгийн багийнхны шаардлагаар түүнийг шоронгийн эмнэлэгт шилжүүлсэн ч эмч нартай нь уулзуулахгүй байгаа гэнэ. Тиймээс Навальныйгийн эхнэр тэргүүтэй олон мянган хүн жагсаал хийж, “Навалныйг сулла”, “эмч нартай нь уулзуул” хэмээн шаардлага тавьсан байна.
Эх сурвалж:news.mn