Туялзуур сэлэмчин Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

A- A A+
 Туялзуур сэлэмчин Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн болж, Монголоос ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ.

Энэ жил 22 настай Б.Амарзаяа туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар хасагдах шатанд 7 дугаар байраар шалгаран тус тэмцээнд өрсөлдсөн юм.

Тэрбээр Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй Виетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялсан. Харин хагас шигшээд Казахстаны Ултьяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээлээ.

 

Аваргын төлөө Сингапурын Кириа Тикана Абдул Рахман, Казахстаны У.Благанскаяаг 15:12-оор ялснаар алтан медаль, олимпын эрхийг авлаа. Харин манай тамирчин Б.Амарзаяатай хамт Тайландын Кораван Тани хүрэл медалийн болзол хангасан байна.