1.Дулаан хангамжийн өнөөгийн байдал, техникийн нөхцөлийн хүсэлтийг хязгаарлах тухай
Өнөөдрийн байдлаар төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон 12800 барилга, объектын дулааны тооцоот ачаалал 3166.2 Гкал/ц бөгөөд дулаан хангамжийн дөрвөн эх үүсвэрийн нийт суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2015 оноос хойш барилгажилт эрчимтэй явагдаж, агаарын бохирдлыг бууруулах халаалтын зуух зогсоох ажлын хүрээнд дулааны шугамтай ойрхон байрласан төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжтой байршлуудын барилга, объектуудыг судалгаа, тооцооны дагуу холбож ажилласнаар өнөөдрийн байдлаар эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 36.5%-иар хэтэрч дулаан хангамж хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байна.
НИЙСЛЭЛ ХОТЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН БАЛАНС:
Дамжуулах сүлжээний хувьд ДЦС-2 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, АДС-ТӨХК-иас гарсан нийт 9 сүлжээ байдаг бөгөөд үүний 6 сүлжээний дамжуулах шугамын холбогдсон ачаалал нь нэвтрүүлэх чадвараасаа 5-68%-иар хэт ачааллагдаж, хүчин чадал нь хүрэлцэхгүй болж цаашид нэмж хэрэглээ холбох техникийн боломжгүй болоод байна.
ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭНИЙ ШУГАМЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР
Сүүлийн 5 жилийн хугацаанд төвлөрсөн дулаан хангамжийн системд 982.1 Гкал/ц-ийн дулааны тооцоот ачаалал бүхий 2511 барилга, объект шинээр холбогдсон бөгөөд жилд дунджаар 196.4 Гкал/ц-ийн 500 орчим барилга, объект төвлөрсөн дулаан хангамжид холбогдож дулаан түгээлт дунджаар 5%-иар өссөн үзүүлэлттэй байна. Дамжуулах сүлжээний нийт 15 магистраль 380км урттай шугамаас 24% буюу 91км урт шугам, тоноглолын ашиглалтын хугацаа дуусч гэмтэл гарах болзошгүй болсон, мөн халаалтын улирлын оргил ачааллын үед станцуудын дулаанжуулалтын тоноглол зуух, турбин бүгд ажиллагаанд залгагдаж, бэлтгэл тоноглолгүй 2-3 жил ажиллаж байна. Өөрөөр хэлбэл станцуудын дулаанжуулалтын тоноглолд гэмтэл, саатал гарсан нөхцөлд хотын сүлжээ бүхэлдээ доголдох, дамжуулах сүлжээний насжилтын хугацаа дууссан дээрх шугам, тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд хот хэсэгчлэн доголдох бөгөөд гадна агаар огцом хүйтэрсэн үед аваарийн байдал үүсч нийслэл хот хөлдөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нийслэл хотын гадна агаарын тооцоот температур –39°С хүртэл хүйтрэх нөхцөлд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн дулаан хангамж ихээр доголдож, хэрэглэгчдээс гомдол санал гарч эхэлнэ.
Иймд эх үүсвэр, дамжуулах сүлжээг найдвартай горимоор ажиллуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах техникийн шаардлагын дагуу Эрчим хүчний сайдаас үүрэг, чиглэл өгөгдсөн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тус компанийн техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу нийслэл хотын дулаан хангамжийн хүрэлцээгүй болсон 6 дүүргийн 43087 га талбайд байрлах 69 хороодын байршилд эх үүсвэр, дамжуулах сүлжээний дараах төлөвлөгдсөн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэх хүртэл хугацаанд шинээр хэрэглээ нэмж холбох, техникийн нөхцөл олгох асуудлыг хязгаарлаж байна.
Хэрэглэгч та 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш дээрх байршилд хамрагдсан бол хотын төвлөрсөн дулаан хангамжийн горим ажиллагаа хүндэрч, эх үүсвэр дамжуулах шугамын хүчин чадлын дутагдалд орсон энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, хүлээцтэй хандаж төлөвлөгдсөн өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдэж эх үүсвэр, дамжуулах шугамын хүчин чадал нэмэгдэх хүртэл https://my.dulaan.mn -ээр цахим хаягаар техникийн нөхцөлийн хүсэлт илгээхгүй байхыг мэдэгдэж байна.
ШИНЭЭР ХЭРЭГЛЭЭ НЭМЭХ БОЛОМЖГҮЙ БАЙРШЛУУД БУЮУ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙН ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ХЯЗГААРЛАГДСАН БАЙРШЛУУД:
Хязгаарласан байршлууд:
БЗД-ийн 4, 5, 16, 17, 19, 22-р хороо, Их засаг, Маахуур толгой, Цайз, Газарчин чиглэлд:
БЗД-ийн 8, 10, 12, 13, 14, 18, 25-р хороо, 13-р хороолол, Дүнжингарав, Нарантуул худалдааны төв, Ахмадын хороолол, Жанжин клуб, Ботаник, Амгалан зах чиглэлд:
СХД-ийн 18, 19, 27-р хороо, Алтан тариа ХХК, 62-р сургууль, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол, Орчлон хороолол чиглэлд:
ЧД-ийн 1, 2, 3-р хороо, СБД-ийн 1, 2, 3, 4, 5, 6-р хороо, Хотын төв, Бага тойрог, 40,50 мянгат чиглэлд:
ХУД-ийн 15, 17, 18-р хороо, БЗД-ийн 11, 26 хороо, Баянмонгол, Олимп, Маршал, Тайм скуэр, Ривер гарден, Стандарт хийт, Их тэнгэр, Бага тэнгэр чиглэлд:
ХУД-ийн 1, 2, 3, 11, 15, 17, 18-р хороо, Зайсан, Хүннү хороолол, 19-р хороолол, 120 мянгат, Төв цэнгэлдэх, Нархан Жаргалан хотхон, чиглэлд:
ЧД-ийн 5, 6, 9, 10-р хороо, СБД-ийн 7, 9, 10, 11-р хороо, Их тойрог, VII хороолол, Хангай хотхон Зуун айл чиглэлд:
БЗД-ийн 1, 2, 3, 6, 7,15-р хороо, Сансар, КТМС, 13-р хороолол, Бөхийн өргөө чиглэлд:
БГД-ийн 7, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 18, 19, 22-р хороо, Хорооллын эцэс, 3, 4-р хороолол, Бичил хороолол, Эх нялхас чиглэлд:
БГД-ийн 20-р хороо, Эрин хороолол, Өнөр хотхон, Цамбагарав чиглэлд:
ХУД-ийн 8, 10, 16, 21-р хороо, Нисэх, Буянт-ухаа 1,2 хороолол чиглэлд:
ХУД-ийн 4, 5, 8-р хороо, Арцатын ам, Хүүшийн ам, Нүхтийн ам, Нисэх, Буянт-ухаа 1,2 хороолол чиглэлд:
Харин бусад байршлуудын иргэн аж ахуй нэгж байгууллагаас ирэх хүсэлтийг журмын дагуу хэвийн хүлээн авч шийдвэрлэнэ.
Боломжтой байршлууд:
Геологийн төв лаборатори, Таван шар, Нефть, 10 буудал, Дэвшил чиглэлд:
Толгойт, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх, Монос, ЗХ-ийн 013-р анги, Буян карьер чиглэлд:
Яармагийн баруун хэсэгт, Шинэ яармаг чиглэлд:
2. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өргөтгөл шинэчлэлтийн ажлууд:
2. 1 Эх үүсвэрүүдэд хийгдэх өргөтгөл, шинэчлэлтийн ажил:
Засгийн газрын 2018 оны өдрийн №325 тогтоолд тусгагдсан эх үүсвэрүүдэд хийгдэх өргөтгөл, шинэчлэлтийн дараах ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна.
1968 онд анх ашиглалтанд орсон ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх ажил нэмэгдүүлэх хүчин чадал 530 Гкал/ц (2019 онд ТЭЗҮ батлагдсан) /
1961 онд анх ашиглалтанд орсон ДЦС-2 ТӨХК-ийн хүчин чадлыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх ажил нэмэгдүүлэх хүчин чадал 340 Гкал/ц (2019 онд ТЭЗҮ батлагдсан)
2015 онд ашиглалтад орсон АДС ТӨХК-ийн хүчин чадлыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх ажил нэмэгдүүлэх хүчин чадал 100 Гкал/ц (2018 онд ТЭЗҮ батлагдсан)
2.2 Төвлөрсөн дулаан хангамжтай хосолж ажиллах нэмэлт эх үүсвэр барих ажил:
Хотын сүлжээний горим ажиллагааны хувьд өндөр ач холбогдолтой Дэнжийн 1000, Маахуур толгой, Дүнжингарав, Их тэнгэр насос станц №10, Зайсан-Могул таун орчимд 20-80 Гкал/ц-ийн хүчин чадалтай 5 нэмэлт эх үүсвэрийг шинээр барих ажил
2.3 Дамжуулах сүлжээнд хийгдэх томоохон өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд:
11г магистраль, Павильон-19 цэгээс 3-11 холбоос хүртэл 2Ø800мм-ийн голчтой 3.4 хос.км шугамыг 2Ø1000мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил. (Шаардагдах төсөв: 24.9 тэрбум.төг)
ДЦС-4 ТӨХК-ийн 210 МВт-ын станцаас Узель-18-р цэг хүртэлх 2Ø800мм голчтой 4.2 хос.км шугамын угсралтын ажлыг дуусгах ажил. (Шаардагдах төсөв: 2.1тэрбум.төг)
Узель 18 дугаар цэгээс 7и магистралийн ДХ-7138-р цэг хүртэлх 1 дүгээр хорооллын арын дэнжийн зам дагуух 2Ø700мм голчтой 3.2 хос.км шугамын угсралтын ажлыг дуусгах ажил. (Шаардагдах төсөв: 16.4тэрбум.төг)
Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр ойрын хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлт
Эдгээр төлөвлөгдсөн өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудын хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэж 2022-2025 оны хооронд бүрэн хийгдэж дууссаны дараа эх үүсвэр, дамжуулах шугамын хүчин чадал боломжит хэмжээнд нэмэгдэх бөгөөд төвлөрсөн дулаан хангамжид шинээр хэрэглээ холбох техникийн боломж бүрдэх болно.
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК -ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС