“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж. Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм.
Гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан цахилгааны дэд станцууд, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, ил гарсан цахилгааны утсыг засварлаж дууссан байна. Мөн гэрэлтүүлгийг гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлэх, хаягжилтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлж байна. Тэрчлэн есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэллээ.