Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 11 хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж бэртсэн байна.
Тухайлбал өчигдөр 17:20 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Шарын гол сум Санжинт багийн “Задгай” гэх газар таван хүн аялж явснаас 18, 19 настай хоёр эрэгтэй тогтоол усанд живж амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.