УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарын албаны хүмүүс Дундговь аймагт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.
Дундговь аймгийн төв Мандалговь хотод баригдаж буй дулааны станцын барилгын явцтай танилцах үеэр тус төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэдийгээр станцын барилгын ажил тодорхой шалтгааны улмаас хоцорсон ч төслийн гүйцэтгэгчдийн хүчин чармайлтын үр дүнд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломж бүрдэж буйг танилцууллаа.
Харин Мандалговь хотод баригдаж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын гүйцэтгэгч “ЖиЖи Ай” ХХК-ийн захирал С.Сэнгэсамбуу хэдийгээр төслийн гүйцэтгэл хугацаанаасаа өмнө явж буй ч барилгын материал, түлш шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан тодорхой хүндрэл бэрхшээлүүд гарч буйг онцоллоо.
УИХ-ын гишүүн С.Батболд төслийн ажлуудтай танилцах үеэрээ аймагт хийгдэж буй ард иргэдийн амьдрал ахуйд чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтуудын ажлуудыг цаг хугацаанд нь дуусгах тал дээр гүйцэтгэгч компаниудад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн Арвайхээр - Мандалговь - Чойр чиглэлийн авто замын зураг төслийн ажил дууссан. Зам барилгын ажлыг ирэх онд эхлүүлэхээр тойргоос сонгогдсон гишүүд онцгой анхааран ажиллаж байгаа юм байна. Дундговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Ахмадын өргөө үүд хаалгаа нээгээд удаагүй байна. Мөн Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, 960 хүүхдийн суудал бүхий 2-р дунд сургуулийн барилга, спортын танхимын хамт, 3-р дунд сургууль, 2-р цэцэрлэгийн барилгын ажил, сумдын сургууль дотуур байр, соёлын төв зэрэг нийт 72 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил энэ онд өрнөж байна.