ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕРҮҮД “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ОУ-ЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

A- A A+
ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕРҮҮД “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ОУ-ЫН ХУРАЛД  ОРОЛЦОЖ БАЙНА

Ази номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дахь удаагийн уулзалт-эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ удаагийн олон улсын хуралд 23 гаруй орны 50 гаруй эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн төлөөлөл оролцож байна.

Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагдсан ба 60 гаруй орны 250 мянга гаруй гишүүнтэй, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллага юм.

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын хүрээнд Хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухаан, Хүрээлэн буй орчин, Нийгэм, эдийн засаг, Инженерчлэл гэсэн чиглэлээр салбар хуралдааныг зохион байгуулан олон улсын эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлийг танилцуулж байгаа бөгөөд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн инженерүүд энэ удаагийн “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт олон улсын хуралд 2 илтгэлээр оролцож байна.