Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа

A- A A+
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг уншиж сонордуулав.

Мөн зарлигийг:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг,

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Хүүхэд хамгааллын чиглэлээр:

2018 оны наймдугаар сарын 30 – /унших/

2018 оны аравдугаар сарын 08 /унших/ -ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцсан бөгөөд өнөөдрийн уулзалт гурав дахь удаагийнх юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх уулзалтын талаар товч дурдаад:

“…Бид энэ бүрэлдэхүүнээрээ гурав дахь удаагаа уулзаж байна. Өнгөрсөн жилийн олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгүүдийн дүнд дээрх зарлиг гарч, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж байна. Зарлигт өнгөрсөн жил хэлэлцүүлж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бүхий л асуудлыг тусгасан. Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв  нэмэгдэж найман тэрбум төгрөг болсон.

Энэ бүхний дүнд өнгөрсөн жил чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж бодож байна. Гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхэд эрсдэх, бэртэж гэмтэх, ямар нэг сөрөг нөлөөлөлд өртөх нь эрс буурах ёстой. Өнгөрсөн жилийнх шиг хүүхэд хамгааллын мөнгөөр ширээ сандал, тавилга худалдаж аваад, үйл ажиллагааны зардал болгоод дуусч болохгүйг бүгд анхаарна биз. Ер нь хүүхэд хамгаалахтай холбоотой зардлыг жил бүр нэмэгдүүлж төсөвт суулгаж батлуулахад сайд нар онцгой анхаарах ёстой. Миний зүгээс ч мөн анхаарч ажиллана” гээд холбогдох байгууллагынхнаас асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Хүүхэд хамгаалалд зориулсан найман тэрбум төгрөгийг ямар ямар үйл ажиллагаанд зарцуулах гэж байгаа талаар хэн хариулах вэ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх:

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталсан.

4 тэрбум төгрөг орон нутаг, сум, аймаг дүүрэгт хуваарилагдаж байгаа. Хүүхдийн тооноос хамааралтайгаар 47.5-120 сая төгрөг орон нутаг тус бүрд оногдож байгаа.

Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарилагдсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөвт 1 тэрбум төгрөг,

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /харьяа байгууллагууд ороод/ зардалд 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Төлөвлөлт үр дүнд хүрч, зарцуулалт хяналтад байна гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жил 5 тэрбум төгрөг байсан төсвийг 8 тэрбум болгосон тул цаашид илүү анхааралтай ажиллаарай.

Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр хоёр төсөл эхлүүлсэн талаар Цагдаагийн газраас тодруулж асууя. Гадаа дулаан болж хүүхэд хичээл сургуульдаа явах, чөлөөт цагаа гадаа өнгөрүүлж байна. Зам тээврийн ослоос сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна.

Нөгөө талдаа тэтгэвэрт гарсан ахмадууд болон иргэдийг хүүхэд хамгааллын ажилд татан оролцуулах “Хүүхэд хамгаалал” төслийн үр дүнд ямар байгаа вэ. Цаашид ямар байдлаар үргэлжлүүлэх вэ?

ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг:

-ЦЕГ сургалт, хүмүүжлийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн орчинд хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Бид 2017 онд сургуулийн орчимд 400 орчим өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулсан. Энэ жил 200 гаруйг нэмж, 650 өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулагдан ажиллаж байна.

Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл боловсруулж, зардал нь шийдэгдсэн. Хууль сахиулахын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудыг сурагчдын сургууль-гэр-сургууль гэсэн маршрутаар зорчих замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулах, ажиллах хүмүүсийг судалж байгаа. Энэ төслийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ гэж тооцож байгаа.

-Судалгааны явцыг танилцуулж өгнө үү.

-Танаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын 153 хорооны хүүхдийн ирэх, буцах замын аюулгүй байдал гэж үзээд 700 орчим цэг бүртгэсэн. Эдгээр замд иргэд олон нийтийн дэмжлэгээр, хуулийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан ахмад ажилчид буюу 6000 хүний судалгааг гаргасан. Тэдгээрээс 800 орчим хүнийг аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллуулна. Тэдгээр хүмүүс 350 мянган төгрөгөөр гэрээ хийж дээрх ажлыг хийх эсэхийг мөн судалж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Хүүхэд хамгааллын орчны стандарт, өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулах заавар стандартаа баталж, үүний мөрөөр хяналт шалгалт зохион байгуулах талаар олон уулзалтаар яригдсан. Үр дүнгийн талаар хэн хариулах вэ?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү:

-Хүүхдийн эрхийн аюулгүй байдлын талаар боловсруулсан эрхзүйн бичиг баримтуудад санал тусгуулахаар саналаа Төрийн захиргааны төв байгууллага, УИХ-д хүргүүлсэн. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад боловсрол, соёлын хяналтын чиглэлээр ЕБС-ын сургалтын орчны стандарт, сурагчдын  дотуур байрын стандарт, хүүхдийн зуслангийн стандартуудыг боловсруулахад тодорхой саналууд өгсөн. Эдгээр саналууд нь сүүлийн хоёр, гурван жил мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүн юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлд 46 санал өгсөн. Цахим тоглоомын газарт мөрдөх журам зэрэгт мөн бид санал, дүгнэлтээ хүргүүлж байгаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

-Өнгөрөгч онд Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын тухайд БСШУСЯ үндэсний хэмжээнд стандарт боловсруулах суурь ажил болох эрсдэлийн үнэлгээг улс орон даяар, ЕБС, дотуур байруудад хийж Стандартчилал, хэмжил зүйн газарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүлээлгэж өгсөн. Энэ байгууллага стандартаа гаргаад батлах ёстой.

Эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд их эрсдэлтэй 13 хувь, дунд эрсдэлтэй 74 хувь буюу эрсдэлгүй сургууль гэж байхгүй байна гэсэн үр дүн гарсан. Өнөөдрийг хүртэл бид аймаг нийслэлийн боловсролын газраар дамжуулан сургуулиудад аль болох өөрсдөө эрсдэлээ арилгах тал дээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна” зэргээр ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“…Олон удаагийн уулзалтаас тодорхой үр дүн гарсан. Хэлэлцүүлэг, уулзалтаас гаргасан санал, зөвлөмжийн дагуу ЦЕГ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг сэргээн байгуулсан байна. Харин одоо тоог нь нэмэх талаар тал талдаа хүчин чармайлт гаргаж ажиллаж хэрэгтэй. ЦЕГ-ын дарга С.Баатаржав төсөвт санал оруулсан хэдий ч төсөв хасагдсан байна. Энэ бол бид хүүхдийнхээ ирээдүйгээс мөнгө харамлаж байгаа хэрэг. Ирэх жилийн төсөв анхаарч ажиллах хэрэгтэй.

Хүүхдэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, үүссэн асуудлыг шийдэх гарц арга замыг эрэлхийлж, зарим асуудал шийдэгдтэл дахин дахин уулзаж, ярилцах, тодорхой үүрэг чиглэл өгч, өөрийн биеэр хяналт тавих зэргээр ажиллаж ирсэн. Бид энэ хамтын ажиллагааны эрчмээ алдахгүй ажлаа үргэлжлүүлцгээе” гэсэн юм.

Мөн Монгол Улсад Ерөнхийлөгчид хаягласан 13 мянга гаруй хүүхдээс ирүүлсэн захидал, гар зургийг эмхтгэл болгосноо уулзалтад оролцсон төрийн байгууллагын удирдлагуудад өгч, хүүхдүүд ирээдүйгээ мөрөөдөхөөс илүү ирээдүйдээ санаа зовж буйг олж харах, ширээний номоо болгож, ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг захив.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай:

2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах;

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн  үр дагаварт үнэлгээ хийж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх;

Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах;

Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх;

Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжих;

Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон бусад шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлж хэвших;

Хүүхдийг цахим орчны халдлагаас хамгаалах тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлж, хэрэгжилтийг сайжруулах, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Хар тамхи, мансууруулах бодисоор өсвөр, залуу үеийг хордуулж байгаа нөхцөл байдлыг судлан, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

Хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах, үндэсний хэмжээнд гарч байгаа хүүхдийн хөгжил, хамгааллын бүх төрлийн хөтөлбөр /контент/-ийн агуулга, чанарыг сайжруулах;

Нийгмийн ажилтны (гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага зэрэг бүх салбарт ажиллаж байгаа) албан тушаалын тодорхойлолтыг хүүхэд хамгааллын чиглэлээр хүлээх үүрэгтэй нь уялдуулан шинэчилж, нэгдсэн арга зүй, хариуцлагын зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг дэмжих, импортын хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах.

Зарлигийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүрэг, тухайн жилийн төсвийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтийн талаар дараа жилийн II улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлж байхыг Засгийн газар (У.Хүрэлсүх)-т даалгасугай.

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэддээ уриалсугай.