Тарваганы түүхий бөөр идсэн гэр бүлийн хоёр хүн нас баржээ

A- A A+
Тарваганы түүхий бөөр идсэн гэр бүлийн хоёр хүн нас баржээ

Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барсан талаар мэдээлсэн билээ. Одоогоор мэдэгдэж байгаагаар амь хохирсон иргэд тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн болох нь тогтоогджээ.
 
Иргэн Т 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд тус сумын Талын толгойд гэдэг газар нас барсан бол өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 03.00 цагт нас баржээ.
 
Тус аймгийн төвд хөл хорио тогтоож, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байна.

Иймээс ард иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.
 
Тарвага агнахгүй байх;
 Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;
 Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;
 Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
 Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;
 Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;
 Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.