"Дүнжингарав-2019" уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд ДОЛОО болон түүнээс дээш насны хүүүхэд морь унаж оролцох боломжтой. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран мэдээлэл хийлээ.
Тус газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатарын мэдээлснээр “Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлага тулгарч байсан. Монголын морин спорт уяачдын холбоо хамтран уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах санамж бичиг байгууллаа” гэж байв.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулагдах бүх уралдаанд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 100 мянган төгрөг байх бөгөөд 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг Монголын уяачдын холбоо зохион байгуулах юм.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины эзэн, уяач нар уралдаанч хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх эрх зүйн зохицуулалттай. Энэ хүрээнд 21 аймгийн төвийн болон Улаанбаатар хотод зохион байгуулагдах хурдан морины уралдаанд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна. Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал жилд нэг удаа 100 мянган төгрөг байх гэнэ. Ингэхдээ хүүхэд уралдааны үеэр бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн олговрын хэмжээг 20 сая хүртэл нэмэгдүүлж учирч болзошгүй гэнэтийн ослын тээвэрлэлтийн зардал оруулж өгчээ.