Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өчигдөр /2019.05.15/ баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон Хэнтийн хойд хэсгээр 0.0-18.3 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Булганы Дашинчилэн, Архангайн Төвшрүүлэхэд 18,0-18,3 мм, Цэцэрлэг, Жаргалантад 14.0 мм орсон байна. Өчигдөр өглөөний байдлаар Хөвсгөл, Архангай, Төв аймгийн ихэнх нутаг, Завхан, Өвөрхангай, Дундговь аймгийн хойд хэсэг, Булган, Сүхбаатарын өмнөд хэсгээр 1-23 см цасан бүрхүүл тогтжээ.
Цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг өчигдөр өглөөнөөс өнөөдөр 11:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байна. Сүхбаатар аймгийн зарим нутгаар өчигдөр шороон шуурга шуурлаа.
Өнөөдөр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна Маргааш өдөр Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Улаанбаатар хотод өнөөдөр цас орно.
Тиймээс иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.