Оюутан цэргүүд тангараг өргөлөө

A- A A+
Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Засгийн газраас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт өндөрлөж, оюутан цэргүүд тангаргаа өргөлөө. БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын реферант, бригадын генерал Ч.Сайнтөр, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга, ҮБХИС-ын захирал, хурандаа П.Жаргалан, МОХ /Монголын оюутны холбоо/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид болон албаны бусад хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

"Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оюутан цэргийн тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Цэргийн албаа хааж, тангараг өргөнө гэдэг хуулиар хүлээсэн нэг үүргийнхээ ард нь гарч дуусгалаа гэсэн үг огт биш. Харин энэ мөчөөс эхлээд эх орондоо хэрэгтэй үедээ бэлэн жагсаж түүний төлөө амь, биеэ үл хайрлан хамгаалах насан туршийн алба эхэлж байна гэсэн үг юм.

Богино хугацаанд шахуу хөтөлбөрөөр амаргүй шалгуур, бэрхшээлийг давж албаа дүүргэсэн хөвгүүддээ чин сэтгэлийн баяр хүргье" гэв. Мөн тэрээр "Оюутан цэрэг" сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэлбэрээ боловсронгуй болгох, сургалтын чанарыг улам сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлэхийн тулд өмнөх жилүүдийн туршлагадаа тулгуурлан аль аль талаасаа санал, санаачилга гарган хамтран хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг "Орчин үед цаг хугацааны болон мэдлэг, чадварын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна. Оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшин суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах үүргээ давхар биелүүлэх нь хувь хүндээ наалдацтай ховор боломж төдийгүй улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, чадвартай иргэн болж бэлтгэгдэж байгаа нь нэн ач холбогдолтой юм" гээд "Оюутан цэрэг" сургалтыг амжилттай хэрэгжүүлж буй Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлж, оюутан цэргүүдэд баяр хүргэв. "Оюутан цэрэг-2019" сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд нийт 60 гаруй их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдсан байна.