Дархан Уул аймгийн Дархан суманд Covid-19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор өнөөдөр /2021.04.18/ 06:00 цагаас энэ сарын 23-ны өдрийг дуустал зургаан хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон байна.
Хатуу хөл хорионы хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Үүнд:
Хөдөлгөөний хязгаарлалтыг чангаруулсан энэхүү өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагууд голомтыг дагаж идэвхтэй өргөжүүлсэн тандалт судалгааг хийж, тархалтыг олж илрүүлэх, тусгаарлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Хөл хорионы өдрүүдэд 10 мянгаас доошгүй иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулна.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.
Нэгдсэн болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ хэвийн явагдана.
Дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11-20-ны хооронд вакцины хоёр дахь тунгийн хугацаа болсон иргэдийг вакцинжуулна.
Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллагсад хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тухайн байгууллагууд нь дотооддоо зохион байгуулалт хийнэ. Байгууллага бүрт хүний тооноос хамаарч нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн 2-3 зөвшөөрөл олгоно.
Ажиллаж буй ААН, байгууллага бүр тусгай горимоор /ажилчид нь байнгын байрлаж, эсвэл “гэр-ажил-гэр” маршрут/ ажиллана.
Хүнсний дэлгүүр 20:00 цаг хүртэл, эмийн сан 22:00 цаг хүртэл ажиллана.
Дэд бүтцийн байгууллагууд шөнийн 00:00 цагт ээлж солилцоно.
Хүнсний түгээлт 09:00-12:00, 16:00-18:00 цагийн хооронд тээвэр хийнэ.
Шүүхийн үйл ажиллагаа тусгай горимд шилжин ажиллана. Мэдээлэл лавлагааны утас: 70375162
2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдөр хүртлэх хугацаанд төрийн 31 байгууллагын 355 албан хаагч өөрийнхөө амьдарч буй ойр орчимдоо нийтийн эргүүлд гарч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавина.