Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ өнөөдөр (2021.4.19) хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Монгол Улсад сүүлийн 24 цагт 12401 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 889 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 22884 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас таван хүн нас барлаа.
Тодруулбал, 75 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдаж, нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 55 настай эмэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 34 настай эрэгтэй Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн өвчний улмаас нас барлаа. Мөн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 57 настай эрэгтэй, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй нас барсан. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 49 боллоо. Үүнээс гадна 524 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 12401 боллоо. Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн 4744 иргэн гэрээр эмчлүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд арав гаруй эмнэлэг дээр 4000 орчим ор бэлтгэсэн байсан бол нэмж 1000 орчим орыг бэлтгэх ажлыг хийж эхлээд байна. Тухайлбал, Төрийн албан хаагчдын тусгай эмнэлэг, Монгол-Японы хамтарсан эмнэлэгт эрчимт эмчилгээний 74 орыг бэлтгэсэн бөгөөд өчигдрөөс өвчтөнгүүдийг хүлээн авч эхэлсэн. Мөн АШУҮИС-ийн оюутны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар боллоо. Түүнчлэн ХНХЯ-ны харъяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зусланд жирэмсэн, хүүхэдтэй өвчтөнүүдийг хүлээн авах 200 орыг бэлдэж байна. Харин ахмадын эмнэлэгт 100 орыг бэлтгэж Covid-19-ийн өвчтөн хүлээн авах зохион байгуулалтыг хийлээ. Бага насны хүүхдүүд тоглоомын талбай дээр маскгүй тоглож байгаа нь халдвар авах эрсдэлийг үүсгэж байна” гэв.
Орон нутгуудад шинээр 118 тохиолдол батлагджээ. Халдварын тохиолдолыг аймгаар авч үзвэл:
Архангай аймагт – 5
Баян-Өлгий аймагт –1
Булган аймагт-1
Дархан-Уул аймагт – 16
Дундговь аймагт – 1
Завхан аймагт –2
Орхон аймагт –26
Өвөрхангай аймагт –4
Сэлэнгэ аймагт –4
Төв аймагт –29
Увс аймагт –5
Ховд аймагт –18
Хөвсгөл аймагт –3
Хэнтий аймагт –3 тохиолдол тус бүр батлагдаад байна.
Нийт эмчлүүлж байгаа 3366 хүнээс
2193 хүний бие хөнгөн
869 хүний бие хүндэвтэр
241 хүний бие хүнд
63 хүний биеийн байдал маш хүнд байна.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг 0-17 нас, 23.4 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байна. Халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол гараагүй. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн алба хаагчдын вакцины хоёр дах тунг хийж эхэлсэн. Удахгүй 4400 тун “Астра-зенека” вакцин ирнэ гэсэн мэдээлэл байна” гэлээ.