ШАДАР САЙД ОТРООР ЯВАА МАЛЧИДТАЙ УУЛЗАВ

A- A A+
ШАДАР САЙД ОТРООР ЯВАА МАЛЧИДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав.
Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа. 
Өнгөрсөн 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт найман цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы улмаас зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон юм. Цаашид отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж байгааг Шадар сайд хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг ч хэлэв.  
Отроор яваа малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Энэ чиглэлээр  Ажлын хэсэг байгуулахаар болов. Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол, тэмдэг гардуулж хүндэтгэл үзүүлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.