Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдэд тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг төр засгаас бий болгоод байгаа билээ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас улс болон хувийн эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажилладаг.
Тэгвэл гэрээ лабораторидуус үзүүлэх үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ иргэдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "ЭМДЕГ-тай гэрээтэй 19 лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр лаборатори "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн идэвхижил тодорхойлох гэрээ байгуулан ажиллаж байна.
Лабораторийн тусламж үйлчилгээг анхан шатнаас лавлагаа шатлал хүртэл ЭМДЕГ-ын гэрээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ЭМДЕГ-тай хийсэн гэрээний хүрээнд төрийн өмчийн 37, хувийн 10 гаруй байгууллага өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хийхээр гэрээлсэн. Иргэд эрүүл мэндийн даатгалаараа өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүддээ сард 20,000 төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой.
Харин өндөр өртөгтэй оношилгоог гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар хийлгэхэд тухайн оношилгооны 70 хувийг даатгалаасаа төлүүлж, 30 хувийг өөрөө төлнө. Өндөр өртөгтэй оношилгоог төрийн өмчийн эмнэлгүүдээс гадна "Мөнгөн гүүр", "Гурван гал", "Номун" зэрэг эмнэлэг хийгээд эхэлсэн бол "Гранд Мед", "Сонгдо" зэрэг эмнэлэгт даатгалын байгууллагатай системээ холбуулах ажил хийгдэж байна. Ирэх 7 хоногоос хийгээд эхэлнэ.
Лавлагаа шатлал буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай эмнэлгийн Амбулаторийн оношилгоо шинжилгээний 53.000 төгрөгийн багцыг ЭМДЕГ-аас хариуцаж байна. Өөрөөр хэлбэл 13А маягтаар лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгэхэд даатгалын байгууллагаас зардлыг нь хариуцана" гэлээ.