Нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт Covid-19-ийн халдвар авчээ

A- A A+
Нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт Covid-19-ийн халдвар авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Covid-19-ийн халдвар авснаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. Д.Энхбат болон эхнэр Д.Оюунцэцэг, эмч, хамгаалалтын ажилтан нарын шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагджээ. Одоогоор түүний биед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

Тодруулбал, ирэх Даваа гаригт сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахаас өмнө 21 аймгийн сонгогчидтойгоо уулзалт хийж явсан тэрбээр өчигдөр Булган аймгийн иргэдтэй уулзах байв. Гэвч тэрбээр уулзалтаа цуцлан өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод буцаж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан аж.

Улмаар ирэх Даваа гаригт МҮОНРТ-д болох Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мэтгэлцээн хэрхэн явагдах нь тодорхой байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж буй.