БОАЖ-ын сайд ЗАВХАН, АРХАНГАЙ аймагт дөрвөн чиглэлийн хүрээнд ажиллаад ирлээ

A- A A+
БОАЖ-ын сайд ЗАВХАН, АРХАНГАЙ аймагт дөрвөн чиглэлийн хүрээнд ажиллаад ирлээ

1. Агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-рт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж тусгасны хүрээнд Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн ойролцоох дөрвөн аймгийг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах судалгааны ажилтай газар дээр нь танилцлаа.

2. Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд

Хангай нуруунаас эх авч байгаа томоохон гол нууруудын эхийг хамгаалах, усны түвшин нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлуудтай энэ үеэр танилцлаа. Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авч, санал солилцсон юм.

3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд

Айл өрхийн галлагаанаас үүдэн гарах хүлэмжийн хийг санаачилгатай, агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон чиглэлийг ажил, төсөл хөтөлбөр, аян өрнөж байгааг томилолтын үеэр орон нутгийн удирдлагуудад танилцуулж тухайн аймгуудад шат дараатай хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг нийслэл хотод амжилттай зохион байгуулж байгаа бол орон нутагт тэр дундаа төвлөрөл ихтэй суурин газруудад энэ аян өрнүүлэх, айл бүр хашаандаа мод суулгах, тарьсан бүрээ ургуулах, эзэнтэй хариуцлагатай байх, суулгац бүрийг гэрчилгээтэй бүртгэлтэй болгох, улмаар идэвх санаачилгатай арчилж, ургуулж байгаа айл өрхийг урамшуулах эрхзүйн орчин бүрдэж байгааг онцлон танилцууллаа.

4. Салбарын ажилтан албан хаагчдын цалин, хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн байдлыг сайжруулах ажлын хүрээнд

Аймаг орон нутагт байрлах цаг уур, орчны шинжилгээний газрууд болоод тусгай хамгаалалттай газрын захиргаад, сав газрын захиргаануудын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын хүрээнд тухайн газар нутагт ажиллаж байгаа албан байрууд нь олон жилийн насжилттай, элэгдэлд өртсөн байдаг, урсгал засвар, шинэчлэл яаралтай хийх шаардлагатай байгааг ажиллагсад онцлон салбарын сайддаа уламжилсан юм.