ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ПҮРЭВ ГАРИГИЙН ВЕБИНАР СУРГАЛТАД 19 МЯНГАН АЛБАН ХААГЧ ОРОЛЦЖЭЭ

A- A A+
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ПҮРЭВ ГАРИГИЙН ВЕБИНАР СУРГАЛТАД 19 МЯНГАН АЛБАН ХААГЧ ОРОЛЦЖЭЭ

Төрийн албан хаагчийн ёс зүй, сэтгэл зүй, харилцаа хандлага, ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, виртуал орчинд ажиллах арга,  төрийн албаны инновац зэрэг багц сэдвүүдээр зохион байгуулсан цуврал вэбинарын үр дүнг төрийн бүх шатны байгууллагын 7000 орчим төрийн албан хаагч нэгэн зэрэг холбогдож хэлэлцэн дүгнэлээ.

Оны эхнээс 7.4.10 буюу 7 хоногийн 4 дэх өдрийн 10 цагт төрийн албан хаагчдад зориулсан мэдээлэл, арга зүйн вэбинарыг тогтмол зохион байгуулж хэвшжээ.

Цахим сургалтуудыг үндэсний болон олон улсын нэр хүнд бүхий эрдэмтэд, төрийн албаны экспертүүд хөтлөн явуулсан юм. Тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн эрхлэгч доктор, профессорууд, Сингапур Улсын Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор, доктор Рубин Ньг нар хичээл заасан байна.

Сургалтад Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга зэрэг давхардсан тоогоор 19 мянган төрийн албан хаагч оролцжээ.

Улс орон, дэлхий нийтийг хамарсан цар тахлын цаг үед хагас жилийн турш тогтсон цагт, төлөвлөсөн тодорхой сэдвүүдээр сургалтыг анх удаа тасралтгүй зохион байгуулснаараа онцлог байлаа.

Сургалтын сэдвийг хэрэгцээнд тулгуурлан тодорхойлох үүднээс судалгаа явуулахад төрийн байгууллагад зан үйлийн менежментийг нэвтрүүлэх, цахим хэрэглээний ёс зүй, нууцлалын асуудал, цахим хэрэглээний нөлөө, ажлын байрны эрүүл мэнд болон сэтгэл зүй, харилцааны сургалтыг илүүд тооцжээ.

Арга зүйн сургалтын давтамжийг хэвээр хадгалахын зэрэгцээ төрийн албаны хууль тогтоомжийг эрчимтэй хэрэгжүүлэх үүднээс тулгамдсан тодорхой сэдвүүдээр төрийн  албан хаагчдыг идэвхжүүлэх, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх соён гэгээрүүлэх агуулгыг түлхүү байлгахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.