Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар халдварын нөхцөл байдал, тархалт, нас баралтын шалтгаан, вакцинжуулалтын явцын талаар судлаач, мэргэжилтнүүдийг саналыг сонсчээ. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын 90 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдаагүй иргэд байгааг судалгаагаар тогтоожээ.
Тодуулбал, covid-19 туссан сүүлийн гурван өдрийн 6600 тохиолдлын 6000 орчим нь буюу 90 хувь нь II тунгаа хийлгээгүй, вакцин огт хийлгээгүй, II тунгаа хугацаандаа хийж амжаагүй, I тунтай, суурь, хүнд өвчтэй, дархлаа сул хүмүүс байгаагаас гадна хүүхдүүд байгаа аж. II тунгаа тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байгаа нь тогтоогджээ.
Монгол Улсын хэмжээнд нийт иргэдэд хийж буй дөрвөн төрлийн вакцин тариулсан 900 хүн дээр түүвэр судалгааг ХӨСҮТ хийжээ. Энэ судалгаагаар АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм тариулсан хүмүүс халдвар авсан ч амь насны эрсдэлээс 88-100 хувь хамгаалж байна гэжээ.
Мөн вакцины бүрэн тундаа хамрагдсан бол халдвараас 80-90 хувь хамгаалж байгаа бөгөөд бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-06 хувь нь халдвар авсан, 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн, есөн хувь нь хүндэвтэр өвдсөн бол нэг хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрчээ.
Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр онцолсон байна. Тэрбээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.
Мөн “Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.