Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, эрүүл мэндийн салбарынхны хүчин чадал хүрэлцэхгүй байгаа энэ үед иргэн та өөрийн боломжоороо эрүүл мэндийн салбар, улс эх орондоо туслаарай. Үүний тул та амны хаалт зүүх, зай барих, гараа угаах зэрэг энгийн зөвлөмжөөс гадна хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо ухаалаг гар утсандаа COVID-19 ERSDEL системийг суулгаж, BLUETOOTH-ээ асаалттай байлгахад хангалттай.
Хүн бүр COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгаж, BLUETOOTH-ээ асааснаар цар тахлын тархалтыг хумих боломжтой гэж Google болон Apple компаниас зөвлөж буй. Өдгөө дэлхийн 60 гаруй улсад 130 сая хүн тус системийг ашиглаж, цар тахалтай тэмцэж буй эрүүл мэндийн салбар, улс эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулж байна. Манай улсад тус системийг өнгөрсөн 4 дүгээр сарын 19-нд ашиглах боломжтой болсноос хойш өдгөө 460,000 орчим монголчууд ашиглаж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж байна.
Тэгвэл тус систем нь хэрхэн ажилладаг талаарх товч мэдээллийг хүргэе.
COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Хүн бүр ухаалаг гар утсандаа COVID-19 ERSDEL системийг суулгаж, BLUETOOTH-ээ асаах шаардлагатай. Энэ үед таны гар утас Bluetooth технологийг ашиглан тантай ойр байсан бусад хүмүүсийн ухаалаг гар утастай нууцлал бүхий код солилцоно. Ингэснээр тантай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүмүүсийн гар утастай уг нууцлал бүхий кодыг харилцан солилцоно.
Хэрвээ таны PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn -с мессеж бүхий мэдэгдэл очих болно. Тус мэдэгдэлээр ирж буй линк дээр дармагц тухайн иргэн COVID-19 ERSDEL систем руу автоматаар нэвтэрч, шинжилгээний хариугаа 24 цагийн дотор бусадтай хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх юм. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.
COVID-19 ERSDEL системийг ашиглан шинжилгээний хариугаа бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.
COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
Дата унахгүй
Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАХ ЗААВАР
Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
iOS -Settings – Exposure Notification -“Turn On Exposure Notifications” хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна.
Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.
Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж “Ковид-19 Эрсдэл” апп -г суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ.