“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал цахимаар болж байна

A- A A+
“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал цахимаар болж байна

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт 100 жилийн ойг тохиолдуулан салбарын хууль эрх зүйн орчин, зохицуулалтын болон техник технологийн хөгжил дэвшил, түүний ирээдүйн төлөвлөлт, бусад салбарт нэвтэрч буй мэдээллийн технологийн хэрэглээний талаарх судлаач, инженер техникийн ажилтнууд, зохион бүтээгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, туршилтын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим технологи- Хөгжлийн түүчээ” уриан дор “Цахим үндэстэн” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2021.06.17/ цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна..

“Цахим үндэстэн” эрдэм шинжилгээний хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Цахим Үндэстэн” болох уриалгын хүрээнд  дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том зорилтыг дэвшүүлж ойрын дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан юм.

Мөн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх технологи, инновацын ийм арга хэмжээг төрийн удирдах дээд түвшний институтийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж үзэж УИХ-ын бүрэлдэхүүнд Инновац, цахим бодлогын байнгын хороог, Засгийн газрын түвшинд Цахим хөгжлийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар тус тус байгуулсан. Энэ нь цахим үндэстэн болох үйл хэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, төрийн байгууллагууд болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах, дэмжлэг аван хамтран ажиллахад чухал ач холбогдолтой алхам болсон гэдгийг онцоллоо.

Монгол Улсын хувьд “цахим үндэстэн” болох үйл явцыг бүрэн дүүрэн амжилтад хүргэх, мэдээллийн технологийн бизнесийг дэмжих, шинэ тутам гарч ирж буй технологийн боломжийг ашиглан  бизнесийн шинэ чиглэл, зах зээл бий болгох замаар Монгол Улсын эдийн засгийн бүтцэд мэдлэгт суурилсан өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд төрийн мэдээллийн сангийн ашиглалт, түүнд иргэн, хуулийн этгээдийн зүгээс хандах эрхийг баталгаажуулах болон иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай хуулийн төслүүдийг УИХ –д өргөн бариад байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашид шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлыг эрчимжүүлэн шинжлэх ухаанд суурилж технологи, технологид суурилж үйлдвэрлэл, түүнд тулгуурлаж салбарын цаашлаад улс эх орны хөгжлийг тодорхойлох учиртай гэдгийг онцлов.

Цахим хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.enation.edu.mn сайтаас авах боломжтой бөгөөд доорх зүүм линкээр холбогдож, цахим шилжилттэй холбоотой илтгэлүүдийг сонирхоорой.

Үндсэн хурал  https://zoom.us/j/8745691267