Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био хамгаалалын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах бүсийн P53” төслөөс Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд КОВИД-19 цар тахлын үед нэн шаардлагатай 89 сая төгрөгийн өртөгтэй PCR системийг, ШУА-ийн Биологийн хүрээлэнд корона вирусын эсрэг биет тогтоох шинжилгээ хийх 87 сая төгрөгийн өртөг бүхий биоаюулгүй байдлын хоёрдугаар ангиллын кабинет, тоног төхөөрөмжийг тус, тус хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн сумдад ажиллаж байгаа бөгөөд PCR (Rotor Gene Q5 plex) системийг хүлээн авснаас хойш 1 сарын хугацаанд 9075 сорьцод Корона вирусийн шинжилгээ хийж, 79 эерэг тохиолдол илрүүлээд байна.
Харин Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори нь өдөрт 300-500 хүнд SARS-CoV-2 вирусын эсрэг бие илрүүлэх шинжилгээг хийх хүчин чадалтай байсан бол био аюулгүй байдлын II-р ангиллын кабинет болон бусад багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэх боломжтой боллоо. Ингэснээр өмнө нь 2000 дээжийг 4-7 хоногт хийж гүйцэтгэдэг байсан бол одоо 2-4 хоногт хийх боломжтой болж байна. Цаашид Booster буюу 3 дахь тун хийхээр шийдвэрлэхэд эсрэг биет илрүүлэх шинжилгээний дүгнэлт нэн чухал үүрэг гүйцэтгэх юм.
Олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүд судалгаа, сургалт зохион байгуулахаасаа гадна тухайн орон нутагт бодит тусламж болох зүйлд анхаарч төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өгсөн. Цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд ч гэсэн тухайн орон нутгийнхаа хүрээнд нэн чухал асуудлыг судалж бүсийн иргэдийн өдөр тутмын ахуй, амьдралд бодитоор нөлөөлөх зүйл хийж бүтээх нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм.
Ийнхүү КОВИД-19 цар тахлын хэцүү үед дэмжлэг үзүүлсэн Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв (ISTC)-д Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Хуваалцах Жиргэх