Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллийнхээ эхэнд жирэмсэн эмэгтэйчүүд халдвараас сэргийлж, гэр бүл, хамт олон дунд халдвар хамгааллын дэглэм баримтлах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.
АШУҮИС-ийн багш н.МӨНХЦЭЦЭГ:
-Сүүлийн үед жирэмсэн эхчүүд Covid-19 цар тахалд өртөх, гэр бүлийн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт буурахгүй байна. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна. Covid-19-ийн нэн хүнд хэлбэрт 35-аас дээш насны жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хүндрэх эрсдэлтэй. Мөн цар тахлын үеийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч, мэдээлэлтэй байх ёстой. Эхээс урагт халдвар дамжих эрсдэл өнөөдрийн байдлаар 12.5 хувьтай байна. Энэ өвчний хүндрэлээс болж эх дутуу төрөх, хүүхэд амьдрах чадваргүй, улмаар хөгжлийн хомсдолтой болох зэрэг аюул дагуулж байна. Үүнээс гадна цус алдах зэрэг эрсдэл дагуулж байна.
ОРОН НУТАГТ 823 ХҮН ХАЛДВАР АВЧЭЭ
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
Сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1811 хүнээс Covid-19 илэрч, нийт тохиолдол 111505 тохиолдол боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 983 нь Улаанбаатар хотод, 823 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 834 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 70792 болж байна. Covid-19-ийн улмаас 15 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 533 болж байна.
Нас барсан хүмүүсийг насны бүлгээр танилцуулбал,
38-40 насны хоёр хүн 3-24 хоног эмчлүүлсэн
41-50 насны нэг хүн долоо хоног эмчлүүлсэн
51-60 насны хоёр хүн 11-12 хоног эмчлүүлсэн
61-70 насны таван хүн 10-22 хоног эмчлүүлсэн
71-79 дээш насны хоёр хүн 12-21 хоног эмчлүүлсэн
80-аас дээш насны гурван хүн 9-16 хоног эмчлүүлжээ.
Нийт 1811 шинэ тохиолдлын 1806 нь дотоодын халдвар байна. Эмнэлгээс шалтгаалсан таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 14189 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
9463 нь хөнгөн,
3365 нь хүндэвтэр,
1097 нь хүнд,
264 хүн маш хүнд байна.
Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвдсөн 25968 хүн өрхийн эмчийн хяналтад байна.