Б.ДӨЛГӨӨН: 10-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДЭЭС МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

A- A A+
Б.ДӨЛГӨӨН: 10-300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНХҮҮЖИЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДЭЭС МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 2020 онд  7.6 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Үүний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Зөвхөн 5 хувь нь л уул уурхайн бус экспорт байна. Энэ 5 хувьд харьяалагдах бүтээгдэхүүний экспортыг өсгөх, төрөлжүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөний ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Дэлхийн банканд санхүүгийн зөвлөхөөр арав орчим жил ажилласан туршлагатай юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Экспортыг дэмжих төсөл”-ийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

-Сайн байна уу? Юуны түрүүнд манай уншигчдад төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөөч?


-Сайн байцгаана уу? Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-ийг 2016 оноос Сангийн яаманд хэрэгжүүлж байгаад 2020 оноос ХХААХҮЯ руу шилжүүлсэн байдаг. Энэхүү төсөл 2023 оныг дуустал хэрэгжинэ.

Манай Улсын хувьд экспорт маш харамсалтай түвшинд байна. Нийт экспортын 95 хувийг эзэлж буй уул уурхайн экспортыг задалж үзэхэд ихэнх нь нэмүү өртөг шингээгүй түүхий эд байдаг. Уул уурхайн бус экспортын 97 хувийг есөн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Эдгээр есөн бүтээгдэхүүний ганцхан нь бэлэн бүтээгдэхүүн байна. Тэр нь ноосон бүтээгдэхүүн буюу нэхмэл, ноолууран хувцас юм.

Экспортлогч ААН-үүд маш цөөхөн байдаг. Сүүлийн гурван жилд 1500 орчим ААН их, бага хэмжээгээр экспорт хийжээ. Гэхдээ нийт экспортын 70 орчим хувь нь 30 ААН-ээс хамааралтай байна. Эдгээр 30 ААН-ийн ердөө хоёр нь л бэлэн бүтээгдэхүүн экспортолж байгаа юм.

Сүүлийн гурван жилд манай улс 82 улс руу экспорт хийсэн ч үүний 97 хувь нь 11 улс руу хийгдсэн. Хамгийн их нь буюу БНХАУ руу нийт экспортын ойролцоогоор 80 орчим хувийг хийжээ.

“Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөр экспортлогч ААН, кластерт зориулсан гэсэн хоёр хэсэгтэй явагдаж байна.

ААН-д 10-150 сая төгрөг,

Кластерт 10-300 сая төгрөг хүртэлх буцалтгүй тусламж өгөх боломжтой.

Тодруулж хэлбэл манай төсөл уул уурхайн бус салбарын нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, төрөлжүүлэх, цар тахлын  үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Уг төсөл дараах бүрэлдэхүүн хэсэгтэй.

Нэгдүгээрт, Экспортын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгож зах зээлд нэвтрүүлэх юм. Үүний дагуу шинэ бүтээгдэхүүнээ бид ирэх есдүгээр сард нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хоёрдугаарт, Экспортын чадавхыг бэхжүүлэх. Үүний дотор:

Гадаад худалдааны бодлого зохицуулалтыг сайжруулах, чадавх бэхжүүлэх ажил багтана.

Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах.

Түншлэлийн хөтөлбөр.

Цар тахлын нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх,

Гуравдугаарт, Баталгаажуулалт, чанарын удирдлагыг сайжруулах

Дөрөвдүгээрт, Төслийн үйл ажиллагааг дэмжих гэсэн бүрэлдэхүүн болон дэд бүрэлдэхүүн хэсгүүдтэй.

-Төслийн үйл ажиллагааны явцад ямар хяналтыг тавьж байгаа бол?


-Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй төсөл болохоор Дэлхийн банкнаас жилд хоёр удаа хяналтын баг ажилладаг. Энэ үеэр төслийн хэрэгжилт хэр өрнөж байна, цаг хугацаандаа хэрэгжих боломжтой байна уу, төслийн багийнхан төслийг үргэлжлүүлэх чадавхтай байна уу зэргийг хянадаг. ХХААХҮЯ-наас төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг бол Үндэсний аудитын газраас санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийдэг.