Н.УРТНАСАН: ГУЧ ОРЧИМ ГА ТАЛБАЙ ЦӨЛЖИЛТӨД НЭН ХҮЧТЭЙ ӨРТСӨН

A- A A+
Н.УРТНАСАН: ГУЧ ОРЧИМ ГА ТАЛБАЙ ЦӨЛЖИЛТӨД НЭН ХҮЧТЭЙ ӨРТСӨН

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсаныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа. 

Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт таван удаа цөлжилтийн үнэлгээг хийжээ. 2020 оны буюу тав дахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим га талбай цөлжилтөд нэн хүчтэй буюу хүчтэй гэсэн ангилалд өртсөн. 

"1998 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулж байсан боловч 2015 онд тус хороог татан буулгаж, үндсэн чиг үүргийг нь БОАЖЯ-нд харьяалуулахаар шийдвэрлэсэн. Цаашид бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, хөрс хамгаалах, цөлжилтийн нөлөөг багасгахад чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд тус үндэсний хороог байгуулахад шаардлагатай гэж үзсэн.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад энэхүү Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэл дээр тус хороо ажиллана. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо цаашид улиралд нэг удаа хуралдаж, улсын хэмжээнд анхаарал татаад байгаа цөлжилтийг бууруулах, хөрсний бохирдлыг арилгах чиглэлээр хийж буй бүх ажлын уялдаа холбоог сайжруулах, салбар дундын зохицуулалтад анхаарч ажиллана" гэлээ.

Мөн уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг БОАЖЯ баримтлахгүй гэдгийг мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац улсын хэмжээнд байгаа юм байна. Одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай тул мод үржүүлгийн газруудыг дэмжих, төслийн зээл олгох, хууль эрх зүйн орчыг сайжруулж, тодорхой хэмжээний урамшуулал бий болгох асуудлаар ажлын хэсэн байгуулагдан ажиллаж байгааг Н.Уртнасан танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд хоёр дэд даргаар нь БОАЖ-ын сайд, тус яамны Тамгын газрын дарга ажиллах юм байна.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.

Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.