Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс аравдугаар сарын 29-нийг дуустал санал авна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүрийн санал чухал юм. Иймээс иргэн та дараах зааварчилгааны дагуу саналаа өгч, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаарай.
Цахимаар www.ulaanbaatar2040.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой. Мөн QR код бүхий постерийг харьяа хороо, дүүргүүдэд байрлуулсан. Энэ QR кодыг гар утасны камераар уншуулахад веб сайт руу шууд нэвтрэх юм. Та www.ulaanbaatar2040.mn сайт руу нэвтрэн орсноор товч танилцуулга, санал өгөх, видео танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн үндсэн цэс бүхий цонх гарч ирнэ.
Үүний санал өгөх гэсэн цэс рүү орсноор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх хэсэг гарч ирнэ. Санал өгөхөөс өмнө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцахын тулд "Товч танилцуулга үзэх” гэсэн холбоосыг дарж, товч танилцуулга хэсэг рүү шилжих, эсвэл гар утасныхаа камерыг нээн дээр харагдах QR кодыг уншуулснаар мэдээлэл авах боломжтой.
Товч танилцуулгыг уншиж танилцсаны дараа санал өгөх хэсэг рүү буцаж орно. Та өөрийн овог, нэрээ бичнэ. Мөн өөрийн байнга оршин суудаг дүүрэг, хороо, харгалзах насны ангиллаа сонгох юм. Та өөрийн амьдарч буй орчиндоо 1-10 хүртэлх үнэлгээ өгнө. Нэг оноо муу гэсэн илэрхийлэл бол 10 оноо сайн гэсэн илэрхийлэл.
Үүний дараа таны амьдарч байгаа орчинд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох зорилго бүхий нийгмийн тэгш хүртээмж, хот байгуулалтын асуудал, хүрээлэн буй орчны асуудал, аюулгүй байдал гэсэн дөрвөн бүлэг асуулт гарч ирнэ.
Та хариулт өгөхдөө бүлэг тус бүрээс хамгийн чухалд тооцсон нэг хариултыг сонгоно. Дараа нь таны амьдарч буй орчныг сайжруулахад нэн тэргүүнд хийвэл зохих ажлуудын жагсаалт гарна. Та энэ хэсэгт гурав хүртэл хариултыг сонгох боломжтой.
Дараагийн хэсэгт та хотын хөгжилд өөрийн зүгээс оруулах хувь нэмрийг бичнэ. Жишээ нь, хогоо ангилан ялгадаг болно гэх мэт.
Үүний дараа та хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг дэмжих, өөрчлөлт оруулах гэсэн хоёр сонголт бүхий товчноос аль нэгийг нь сонгоно. Танд төсөлд өөрчлөлт оруулах санал байхгүй бол төслийг дэмжих товчийг дарж, төсөлд саналаа илгээх товчийг дарна.
Хэрэв танд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд өөрчлөлт оруулах санал байгаа бол төсөлд өөрчлөлт оруулах саналтай байна гэсэн товчийг дармагц санал, шүүмж бичих цонх бий болно. Уг цонхонд та хэдэн ч тэмдэгт бичих боломжтой. Ингээд төсөлд саналаа илгээх товчийг дарна.
Та төсөлд саналаа илгээх товчийг дармагц дараагийн цонх руу шилжих бөгөөд таны овог, нэр бүхий талархлын сертификат бэлэн болсон байна.